Ц.ДЭНСМАА: ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН ХҮҮХДИЙГ СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

A- A A+
Ц.ДЭНСМАА: ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН ХҮҮХДИЙГ СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг эмэгтэй прокурор цөөхөн бий. Тэр дундаа аймаг, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокуророор дөрвөн эмэгтэй ажилладгийн нэг нь Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа. Тэрбээр Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Фемида-2021” арга хэмжээний шилдэг хуульч-прокуророор шалгарсан. Түүнчлэн тус аймгийн Прокурорын газар 2021 оны прокурорын байгууллагын тэргүүний хамт олны нэгээр шалгарсан юм. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүний ажил, амьдралын талаар болон Завхан аймагт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

Юуны түрүүнд танд болон танай байгууллагад ажилладаг бүсгүйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Баярлалаа. Прокурорын байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж буй болон ажиллаж байсан ахмад эмэгтэй прокурор, ажилтнууддаа  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг танай сониноор дамжуулан хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аймаг, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажилладаг цөөн эмэгтэйн нэг нь Та. Прокурорын байгууллагатай хэрхэн амьдралаа холбож, хэчнээн жил ажиллаж байна вэ?

Би 1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн оюутан байхдаа Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор М.Долгоржавын удирдлагад танилцах дадлагаа хийж байлаа. Тухайн үед дүүргийн прокуророор Е.Сагсай прокурор ажиллаж байсан юм. Дадлага удирдагч М.Долгоржав  прокурор маань хууль хэрэглээний чадвар өндөр, мөрдөгч нараа удирдан чиглүүлж буй байдал, шүүх хуралдаанд оролцохдоо дүрэмт хувцсаа өмссөн нь их сүртэй, өөртөө итгэлтэй зэрэг нь намайг прокурор болоход, энэ байгууллагад орж ажиллахад их нөлөөлсөн. Би өдгөө 21 дэх жилдээ прокурорын байгууллагад ажиллаж байна.

Эмэгтэй хүн прокуророор ажиллана гэдэг, тэр дундаа удирдах албан тушаал хаших гэдэг амаргүй юу?

Прокурорын байгууллагад эмэгтэй прокурор олон ажилладаг. Тэднээс нэлээд хувь нь удирдах албан тушаал хашиж байгаа. Би тэднээрээ бахархдаг. Эмэгтэй хүн прокурор байх нь нэг талаасаа бахархалтай ч, нөгөө талаасаа гэр бүлдээ зарцуулах цаг зав бага. Манай байгууллагын ойд зориулж хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит киногоор эмэгтэй прокурорын ажил амьдралын бодит байдлыг харуулсан гэж боддог шүү.

Аав, ээж, хань, хүү минь миний ажлыг ойлгож, үргэлж дэмжин, урам зориг өгдөг учраас сэтгэл тайван ажиллах нөхцөл боломж бүрддэг юм. Гэр бүлийн хүн маань Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ахлах шинжээч, цагдаагийн хошууч цолтой Э.Цэдэвсүрэн гэж хүн бий. Ажил мэргэжил нэг учраас бие биенээ сайн ойлгоно. Энэ ташрамд, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Эмэгтэй удирдагч байна гэдэг нь жижиг, том гэлтгүй бүх зүйлд анхаарал хандуулж чаддаг. Ёстой л нөгөө “Ширхгийн мэдрэмжтэй” байдаг. Харин мэргэжил, ур чадварын хувьд эрэгтэй, эмэгтэй гэж ялгараад байх зүйлгүй гэж миний хувьд боддог юм. Би ажилдаа мэргэжлийн ёс зүйгээ баримтлах, ажил амьдралын зааг ялгаагаа мэдэж ажиллахыг хичээдэг.

Завхан аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?

2021 онд Завхан аймгийн Прокурорын газар гэмт хэргийн шинжтэй 578 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь 2020 онтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл 1775 болж найман хувиар мөн л өссөн. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 50 гаруй хувь нь Улиастай болон Тосонцэнгэл сумд үйлдэгдэж байна. Завхан аймагт сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хохирсон болон авлига албан тушаалын, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсөх болсон. Мөн цахим орчинд залилах гэмт хэрэг өссөн нь анхаарал татаж байгаа. Жишээ нь, “Улаанбаатар хотоос сийлбэртэй гэр захиалгаар нийлүүлнэ” гэсэн зар фэйсбүүкт тавьсны дагуу 80 гарсан хоёр өндөр настан тэтгэврийн зээл авч мөнгийг нь урьдчилан шилжүүлж залилуулсан тохиолдол гарлаа. Өндөр настай энэ хоёр хүнийг хохироосон хүмүүсийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж тогтоон, өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, тус дүүрэг дэх Прокурорын газарт хэргийг нэгтгэн шалгаж байна.

Зөрчлийн хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдын биед халдах зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Завхан аймгийн Прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн судалгааны ажил хэр хийж байгаа бол?

Манай аймгийн Прокурорын газраас өнгөрсөн жил гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж, тодорхой арга хэмжээнүүд авч ажилласны үр дүнд зарим төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн. Тэр хэрээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бас анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, төрийн албан хаагчийн үйлдэж байгаа зөрчлийн хэргийн гаралтыг өнгөрсөн онд судаллаа. Төрийн албан хаагч нийгэмд биеэ зөв авч явж, аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Гэтэл зөрчил үйлдэх нь буурахгүй байна. Тиймээс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл, Цагдаагийн газарт судалгааны дүнг танилцуулж, зөрчил гаргасан төрийн албан хаагчийн удирдлагад мэдэгдэл бичиж хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцохоор болсон. Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” төрийн бус байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхэд хохирсон зөрчлийн болон эрүүгийн хэргүүдийн шалтгаан нөхцөлийг судалсан. Судалгааны үр дүнд тодорхой арга хэмжээ авч ажилласнаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гарч байна. Хүүхэд хохирсон хэргийг хянах дагнасан прокурорыг томилон ажиллуулах болсон. 2021 онд бага насны хүүхэд хохирсон болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бид зуун хувь шийдвэрлэсэн үр дүнтэй байна.

Дагнасан прокурор ажиллуулахаас гадна хамтарсан багийг чадавхжуулах талаар хэрхэн мэдлэг олгож байгаа вэ?

Завхан аймгийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчилд тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй, хүүхдийн гэх статустай, аймаг, сум орон нутаг дахь 24 байгууллагын 48 албан хаагчийг оролцуулж  хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, мөрдөгч, эмч мэргэжилтнүүд, хүүхдийн байцаагч, тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хүүхдийн хууль зүйн хороо гээд өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн уг хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн, тэр дундаа хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг өгөх, мөрдөн шалгахад анхаарах асуудлыг хэлэлцсэн. Хүчиндэх болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хүүхдүүд хамгийн их хохирдог. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдтэй багш, нийгмийн ажилтан хэрхэн харилцах вэ, дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгөх үүргээ хэрхэн биелүүлэх ёстой талаар, цагдаагийн алба хаагч гэмт хэргийн дуудлага, мэдээллийн дагуу очиход юунд анхаарах ёстой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Учир нь, дүрэмт хувцсаа өмсөөд, дуут дохио хангинуулаад тухайн сум, орон нутагт очиход ойр тойрныхон нь мэдээд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сэтгэл зүйгээр нь дахин хохироох эрсдэл ч үүсэж болохоор байгаа. Тиймээс цагдаагийн алба хаагч энэ төрлийн дуудлага, мэдээллийн дагуу очихдоо мэдрэмжтэй хандах талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон. Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг ч сургаж дадлагажуулах зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь эмчийн үзлэгээр тухайн хүүхэд гэмт хэрэгт өртсөн, эсэхийг мэдэх боломжтой учраас хүчирхийллийн золиос болсон нөхцөл байдал илэрсэн тохиолдолд мэдээллийг хуулийн байгууллагад цаг алдалгүй өгч хэвшүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа мэдээллийг иргэд холбогдох байгууллагад даруй өгснөөр хүний амь, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх боломжтой талаар мэдээлэл, яриа, таниулга хийж байгаа. Энэ мэтчилэн төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангаж, хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж байна.

Хохирогчдын бие махбодод учирснаас гадна сэтгэл зүйн хохирлыг хэрхэн үнэлэх вэ гэдэг нь өнөөдөр бидний хувьд анхаарах ёстой асуудлын нэг болсон. Хүүхэд хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэж байдаг учраас хүүхдийн сэтгэл зүй ихээр гэмтэж, мэдүүлэг өгөх чадваргүй болсон байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс  гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийг сэтгэл зүйчтэй уулзуулж байх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, мэдүүлэг авах зориулалтын өрөө, тасалгаатай болох асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжилж, Цагдаагийн газарт мэдүүлэг авах өрөөг хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохижуулсан. Үүний үр дүнд гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийг сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах боломж бүрдээд байна.

Бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийсний үр дүнд хэрхэн ахиц дэвшил гарав?

Прокурорын байгууллага үндсэн чиг үүргээсээ гадна урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийдэг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг хуулийн байгууллагад шуурхай өгч ажиллах нь ямар ач холбогдолтой талаар иргэдэд яриа таниулга тогтмол хийж байна. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар төрийн байгууллагын албан хаагч болон иргэдэд өгч буй. Ингэхдээ энэ төрлийн хэргийн талаарх мэдээллийг хаана, хэрхэн өгөх, ингэснээр ямар ач холбогдолтой талаар иргэдэд мэдлэг олгож байна. Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор төрийг төлөөлж иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Завхан аймгийн Прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сумуудын Засаг дарга нарыг мэдээллээр хангах, төрийн байгууллагын албан хаагчдад сургалт хийх зэргээр хамтран ажилладаг. Үүний үр дүнд төрд учирсан 600 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэх шүүх хуралдаанд прокурор санаачилгаараа оролцож шийдвэрлүүлээд байна. Тухайлбал, гэм хорын хохирлыг нэхэмжлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл авсан ч түүнийгээ төлөөгүй иргэдээс зээлийг нэхэмжлэх, төрийн албан хаагч ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд түүнд олгох цалин хөлсийг буруутай этгээдээс нь гаргуулахаар нэхэмжлэхэд прокурор оролцож байна. 

2022 онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

Завхан аймгийн Прокурорын газраас 2021 онд бага насны хүүхэд хохирсон хэргийг богино хугацаанд шийдвэрлэх, сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргуулахад анхаарч ажилласан бол 2022 онд энэ ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ан агнах, тусгай хамгаалалттай газраас нэн ховор ургамал түүх зэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай тул энэ хэрэгт дагнасан прокурор ажиллуулах, гаралт, шийдвэрлэлтийг судлах, урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулж буй. Мөн хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарахаар төлөвлөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

-Завхан аймаг бол эрт үед хутагт, хувилгаад төрдөг нутаг гэдэг. Үүнийгээ дагаад бурхны шашны сүм, хийд олон бий. Бас иргэдийн гар дээр ч эртний түүх соёлын хосгүй болон үнэт өв үе дамжин хадгалагдаж байдаг. Тэдгээрийг хэн нэгний захиалгаар ч юм уу, хулгайлах, дээрэмдэх тохиолдол ч дуулддаг. Хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

Тийм ээ. Завхан аймагт байдаг сүм, хийд болон орон байранд хууль бусаар нэвтэрч шашны эд зүйлс хулгайлах гэмт хэрэг гардаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажил хийсний үр дүнд хоёр гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг илрүүлэн шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Бас орон нутагт хил дамнасан болон аймаг дамжсан мал хулгайлах хэрэг их гардаг шүү дээ. Өдгөө нөхцөл байдал ямар байна вэ?

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хил хамгаалах, цагдаа, прокурорын байгууллага хамтран ажилласны дүнд хил дамнан үйлдэгддэг гэмт хэргийн гаралт багассан. Мөн аймаг дамжсан мал хулгайлах гэмт хэрэг харьцангуй бага гардаг. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлахад өмнөх оноос буурч, илрүүлэлт нь өссөн үр дүнтэй байгаа.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.03.09 Лхагва №047 (7349)